“Тавин-Ус” эмийн үйлдвэрийн танилцуулга
“Тавин-Ус” эмийн үйлдвэр нь 2000 онд хөвөнг 50 гр-аар боож савлах үйл ажиллагаагаар 2 хүний орон тоотойгоор ажлын гараагаа эхэлсэн. Тэр үед улсын эмийн үйлдвэр хувьчлагдаж, зах зээлийн хүнд нөхцөлд хувийн эмийн үйлдвэрүүд үүд хаалгаа нээж эхэлсэн.
Тухайн цаг үед үйлдвэрийн бүтээгдэхүүн байхгүй голдуу гараар хөвөнг ороож байсан тул гар ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор Хятад улсын хөвөн ороодог төхөөрөмж оруулж өдөртөө 2000 гаруй хөвөн боож, зах зээлд нийлүүлдэг болсон.
2002 онд БГД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт 2 давхар үйлдвэрлэлийн жижиг байр барьж үрлэн эмийн цех ажиллуулж эхэлсэн. Энэ хугацаанд 1970 онд батлагдсан 1.0 г үрлэн витаминуудын стандартыг шинэчлэн батлуулж, үрлэнд агуулагдах сахарын хэмжээг 1 дахин багасган 0.5 г –аар үйлдвэрлэж эхэлсэн. Тус үрэлд химийн будагч бодис ашиглахаас зайлсхийж байгалийн цэвэр шүүсээр баяжуулж өнгө оруулсан.
2005 онд Хан-Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 5540 м2 талбай бүхий газартай, 432 м2 талбай бүхий үйлдвэрийн объектийг худалдан авч өөрийн үйлдвэрийн зориулалтаар засаж тохижуулсан.
Энэ хугацаанд тус барилгыг 2 давхар болгон стандартын дагуу аяган суурьтай каркасан цутгалт хийж ,гадагш урагшаа болон зүүн талд нь өргөтгөл хийж одоогоор 1365 метр2 бүхий үйлдвэрлэлийн зориулалттай байранд үйл ажиллагаагаа явуулж байна.
Үйлдвэрлэлийн ногоон байгууламж нь 3300 м2 , цардмал талбай нь 1540 м2 болно.
Ногоон байгууламжиндаа 2005 оноос хойш ногоон гацуур 100 гаруй, чацарганы суулгац 50, нохойн хошууны бут 70 гаруй, үхрийн нүд, алтан гагнуур зэрэг мод, бут сөөг тарьж, сөд, таван салааг тарималжуулсан. Мөн гоёлын шар хуйсыг хашлага болгож тариалсан.
2005-2009 онуудад өөрийн эмийн үйлдвэрийн барилга байгууламжтай болох зорилт тавин ажиллаж 1365м квадрат талбай бүхий үндсэн 8 чиглэлээр үйл ажиллагаа явуулах үйлдвэрийн барилгыг 2010 онд барьж дуусгав.
2008 оноос эхлэн эмийн түүхий эдийг Монгол Улсын бүртгэлд бүртгүүлж эхлэн одоо 10 нэр төрлийн түүхий эдийг бүртгүүлэн импортоор оруулж байна.
2009 онд техник технологийн шинэчлэл хийж, тосны савлагааны машин, гален цехэд хандлах, нэрэх, хатаах тоног төхөөрөмж шинээр суурилуулсан.
2010 онд шингэн эм савлах автомат тоног төхөөрөмж, шахмал эмийн холих, хатаах, мөхлөгжүүлэх, шахах, савлах иж бүрэн тоног төхөөрөмж суурилуулж, шахмал цехийг бүрэн ашиглалтанд оруулав.
Цаашид үйлдвэр нь байгалийн жимс, ургамал ашиглаж экологийн цэвэр бүтээгдэхүүн хийх, ургамлын гаралтай бэлдмэлүүдийг стандартын дагуу бэлтгэж ард иргэдэд үйлчлэх, техник болон технологтоо шинэчлэлт хийх шинээр стандарт боловсруулах, эмийн түүхий эдийг бүртгүүлэх , чанар сайтай туслах бодисыг сонгох, сав баглаа боодлыг шинэчлэх тал дээр анхааарал тавин ажиллаж байна.
Түүнчлэн үйлдвэрийн боловсон хүчийг гадаад дотоодын мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулж талент ажилчидыг бэлтгэх, эрдэм шинжилгээний баг бүрдүүлж шинэ дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж шинэ бүтээгдэхүүн боловсруулах.
Удирдлагын хэсэгт эм зүйч, технологич, химик, микробиологч нар ажиллаж, лаборатори нь химийн болон микробиологийн шинжилгээний бүрэн тоног төхөөрөмжтэй шинжилгээ дүгнэлтийг цаг тухай бүр нь гаргаж байна.
Бэлэн бүтээгдэхүүнээ 3 хэсэг бүхий нийт 360 м2 талбай бүхий зориулалтын хадгалах байранд зохих чийгшил, температурт хадгалж байна.
Wednesday, April 11, 2018
'Мөнхийн тун' эмийн үйлдвэр
Unknown
11:40 PM
0 Comments
“Тунфарм” эмийн үйлдвэр нь анх 2004 оны 11 дүгээр сард Олон улсын ISO 9001стандартын шаардлага хангасан, бүрэн автоматчлагдсан тоног төхөөрөмж суурилуулж, 13 ажилтантайгаар шахмал, капсул, тосон эмийн цехүүдэд 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эмийн шинжилгээний лаборатори, нөөцийн тасагтайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар эмийн үйлдвэрлэлийн алба, инженер техникийн алба, чанарын хяналтын алба гэсэн үндсэн зохион байгуулалттайгаар Эмийн үйлдвэрлэл, Эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн үйлдвэрлэл, Ариутгал халдваргүйтгэлийн бодисын үйлдвэрлэл гэсэн 3 чиглэлээр үйлдвэрлэл явуулж, Олон улсын GMP/ Эм үйлдвэрлэлийн зохистой дадал/-ын шаардлага хангасан байр, тоног төхөөрөмж, хүн хүчинтэй болж, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн 60-аад нэр төрлийн
шахмал, капсул, тос, шингэн, үрлэн эм үйлдвэрлэж, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний 70% нь үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон байна.
Эмийн үйлдвэрийн чанарын хяналтын алба нь эмийн хими, эрүүл зүй, нян судлалын лабораторийн зохион байгуулалттайгаар өргөжин тэлж, үйлдвэрлэлийн чанарын хяналт, эрүүл зүйн шинжилгээ, эмийн шинжилгээ гэсэн үндсэн 3 чиглэлээр үйлдвэрлэлийн явцыг эхлэл материалаас эцсийн бүтээгдэхүүн хүртэл, түүхий эд, материалын чанар, үйлдвэрлэлийн орчин, ажиллагсдын эрүүл ахуй, тоног төхөөрөмжинд Үндэсний болон Олон улсын фармакопейн шаардлага, норм норматив, техникийн баримт бичгийн дагуу хяналт тавьж, чанарын баталгаагаар хангаж ажилладаг бөгөөд 2017 оны 01 дүгээр сард Олон улсын ISO/IEC 17025:2005(MNSISO/IEC17025:2007) стандартыг хангасан тухай “Итгэмжлэлийн гэрчилгээ” гардан авснаар үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанарыг бүрэн баталгаажуулах, шинэ эм үйлдвэрлэх эрэл хайгуул хийх боломжтой болов.
Одоо тус үйлдвэр нь 60 гаруй ажиллагсадтай ба нийт ажиллагсдын 30% нь эм зүйч, эм найруулагч, 30% нь инженер техникийн ажилтнууд, 40% нь бусад мэргэжлийн ажилтнууд эзэлж байна.
Эмийг идсээр байх уу?
Unknown
4:18 AM
0 Comments
“Зовлон үзсэн чавганц”
Ханиад шуухинаа хүрсэн, толгой өвдсөн тохиолдолд бидний хамгийн түрүүлж хийдэг алхам эмийн сан руу алхах. Хэнээс ч асуулгүй, зөвлөлгүй аль ч эмийн санд ороод ихэнх эмийг талх шиг худалдан авч болдог. Бид өөрсдөө энэ үйлдлээ "жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр" хэмээн өөгшүүлнэ. Монгол Улсын хэмжээнд 2200 нэр төрлийн эм бүртгүүлсэн байдгийн 80 хувь нь жортой олгох эмүүд байдаг аж. Гэвч эмийн сангуудад мансууруулах болон сэтгэц нөлөөт, хорт наркотик эмүүд, инсулин болон дааврын эмүүд, мэс заслын яаралтай хагалгааны мэдээгүйжүүлэх нойрсуулахаас бусад төрлийн эмийг эмчийн жор асуухгүйгээр олгочихно. ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сангаас явуулсан эмийн зохистой хэрэглээний талаарх судалгаагаар эмнэлгээс гадуур эм тариа хэрэглэж байгаа хүмүүсийн 70-75 хувь нь өөрсдөө дур мэдэн эм авч уудаг тухай дурджээ. Эрүүл агаарт алхах, тогтмол хөдөлж биеийн тамираар хичээллэх, хоолны дэглэм барих гэх мэтээр заавал антибиотик хэрэглэлгүйгээр эрүүлжих олон арга байдгийг мэдэх ч үр дүн нь хурдан гардаг, амар, хялбар байдаг гэх шалтгаанаар ойр байх эмийн сан руу явдаг гэх.
Тэгвэл ДЭМБ-аас хийсэн судалгаагаар бүхий л өвчлөлийн 36-40 хувь нь эмгүйгээр эдгээх боломжтой аж. Дээр өгүүлсэн түгээмэл өвчлөл болох толгой өвдөлт, ханиад шуухинаа, хоолой сэрвэгнэлт зэргийг жимс жимсгэнэ, ургамлын ханд, халуун аарцаар намдаах бүрэн боломж байдаг ч манайхан өвдөнгүүт л эм ууж нам дарах зуршилтай болжээ. Уламжлалт анагаах ухаанд тэмдэглэгдсэн 400 гаруй өвчний 100 гаруйг л тан оролцуулан эдгээдэг бөгөөд үлдэж буйг нь ургамлын ханд, биеийн хөдөлгөөн бариа засал гэх зэрэг эмгүйгээр эмчилдэг байна.
Эмэнд дуртай нян
Эмийн сангуудаар зарагдаж буй эмийн үйлчилгээ багассан мэт санагдаж байна уу. Өөрсөдөөс илүү өрөөлд буруу хайдаг учраас чанаргүй, хуурамч худалдаж авсан юм болов уу гэж хардах нь ч бий. Анагаах ухааны доктор, профессор Г.Чойжамц үүнийг эмийн зохисгүй хэрэглээний үр дагавартай холбоотойгоор тайлбарлаж байна. Тэрбээр "Хэрэглэгч нар таамгаар эмээ сонгодог болсон. Мөн эмчилгээндээ буруу тунгаар хэрэглэх, Эцэст нь курс эмчилгээг дутуу хийснээс антибиотекийн үйлчилгээ сулардаг. Хүний биед байх нянд нэг эмийн химийн бүтцийн тухай мэдээлэл орж ирээд алга болчихоод хэсэг хугацааны дараа дахин орж ирээд байвал өнөө нянгийн дараагийн үе нь тэр эмэнд тэсвэртэй болдог" хэмээв. Анагаах ухааны мэргэжилтнүүд ямар нэгэн халдварт өвчнийг огт эмчилж чадахгүй болж ч магад гэж түгшиж байгаа бол 2030 он гэхэд одоогийн хэрэглэж байгаа антибиотикт бүх нян тэсвэртэй болох нь гэсэн дүгнэлт хийцгээж байна. Үүнээс гадна манай зах зээлд худалдаалж байгаа нийт эмийн 30 гаруй хувь нь хууль бус, хуурамч, тэр ч бүү хэл гаднын улс, орнуудын эмийн жагсаалтаас хасагдсан байдаг гэх тааруухан мэдээлэл байна.
Зарын эм, сүлжээний бэлдмэл
Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулиар эмийн бүтээгдэхүүнийг сурталчлах нь хориотой байдаг. Зар сурталчилгааны тухай хуульд "ОНМХ-ээр зөвхөн жоргүй олгох эмийн тухай болон эмийг зохихтой хэрэглэхтэй холбоотой сурталчилгаа явуулна" хэмээн заажээ. Гэвч энэ хууль мөрдөгдөх нь үгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр тусмаа телевизүүдээр эм бэлдмэлийн сурталчилгаа зогсоо зайгүй нэвтэрсээр. Өвчтэй хүмүүсийн аливаа мэдээлэлд шууд итгэх байдал нь эрүүл хүнийхээс хавьгүй их байдаг учир хэтэвчээ тэмтэрээд эмийн сан руу явах нь элбэг. Сүүлийн үед цахим ертөнц олон нийтийн сүлжээгээр эм эмийн бүтээгдэхүүн худалдаалах явдал гаарч тэр ч бүү хэл эмийн хүргэлтийг тусгай утас руу цохиж авдаг үйлчилгээ нэвтэрчээ. Өвдсөн зовсон хүнд гэрээсээ гаралгүй байж байгаад эм тариатайгаа золгох нь амар ч шинээр нэвтэрсэн энэхүү үйлчилгээнд эмчийн жор ашиглана гэдэг эргэлзээтэй л юм.
Мөн сүлжээний гэгдэх бизнес гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна эм, эрүүл мэндийн бэлдмэл борлуулдаг болж өргөжжээ. "Та хавдартай хүнд 100 хувь санал болгож болно. Манай тэр огт эмчилгээгүй, өндөр хөгжилтэй улсад эмчилгээ хийлгээд үр дүнгүй байсан ч энэ бэлдмэлийг уугаад зүгээр болчихсон" тэд суралчилгаагаа ийм байдлаар хийсээр. Хялбар аргаар хурдан мөнгөтэй болох гэсэн хүмүүсийн хүсэл, шунал дээр тоглодог байсан бол өдгөө өвдсөн хүмүүсийн зовлонг биснес болгосон байх юм.
Эмийн зохистой хэрэглээ
Unknown
3:37 AM
0 Comments
Эмийн зохисгүй хэрэглээ нь дэлхий даяар томоохон асуудал юм.
Манай улс “Эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй чанарын баталгаатай эм, био бэлдмэлийг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх, хүн эмнэлэг, мал эмнэлгийн байгууллага болон хүн амыг шаардлагатай эмээр тасралтгүй жигд, хүртээмжтэй хангаж, түүний зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь Монгол Улсын эмийн талаар төрөөс баримтлах бодлогын эрхэм зорилго мөн” хэмээн тодорхойлдог.
2014 оны байдлаар манай улсад 1,496 эмийн сан, 32 эмийн үйлдвэр, 160 эмийн бөөний төв байна гэж бүртгэгдсэн байна.
1994 оноос хойш 55 орны 485 гаруй үйлдвэрт үйлдвэрлэгдсэн 3600 гаруй төрлийн эм Улсын бүртгэлд бүртгэгдэж жилд дунджаар 591 төрлийн эм шинээр бүртгэгдсэн байна.
Нийт эмийн 23%-ийг дотоодод үйлдвэрлэдэг, зайлшгүй шаардлагатай 200 төрлийн эмийн 60 гаруй төрлийг дотооддоо үйлдвэрлэдэг.
ОХУ, Энэтхэг, БНХАУ, Герман зэрэг гаднын 40 гаруй орноос 800 төрлийн эмийг импортоор авч байна. Нийт импортолж буй эмийн 25%-ийг антибиотик, 15 хувийг тарилгын хэлбэртэй эмүүд эзэлж байна. [Эмзүй сэтгүүл 2016 он, XI(50)]
Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн. Эмийг зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Эмийг зохистой хэрэглэхийн тулд эмийн талаар мэдлэгтэй байх нь чухал.
Эм нь зөвхөн жороор олгодог аюултай бүтээгдэхүүн юм. Эмийг зохисгүй хэрэглэснээр эмийн хордлого, харшил, дархлаа сулрах мөөгөнцөр, эмийн дасал, ургийн гажиг зэрэг бусад олон төрлийн өвчнөөс гадна ирээдүй хойч үеийг мөхөөх хүртэл сөрөг үр дагавартай.
Манай улсад эмийн зохистой хэрэглээ дараах олон шалтгаанаар алдагдаж байна. Үүнд:
-Эмийн зохисгүй хэрэглээний гол шалтгаан иргэд эмчид очихоос өмнө шууд эмийн сангаас дур мэдэн авч хэрэглэх
-Эмчийн зааврыг баримталдаггүй эмийн заавартай танилцдаггүй
-Эмийн талаар мэдлэг дутмагаас ижил төрлийн мэдлэг дутмагаас ижил төрлийн эмийг зэрэг авч хэрэглэснээс эмэнд хордох, эмчилгээ үр дүнгүй болох, өвчний шинж тэмдэг алдагдах зэрэг хортой үр дагавар илэрдэг.
-Эмч нар жор бичдэггүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд дунджаар 6-7 түүнээс олон эм бичдэг
-Антибиотикийг хяналтгүй хэрэглэдэг
-Тарилгын эмийг гэрийн нөхцөлд хийлгэдэг, халдвар хамгааллын дэглэм сахидаггүй.
-Хүүхдэд эм хэрэглэхдээ тун хэмжээ, хугацаа дэглэмийг баримталдаггүй
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим эмийг хэт шүтэх байдлаар илэрч болох гаж нөлөөг орхигдуулж өрөөсгөл сурталчилгаанд итгэж хэрэглэх
-Эмийн сангаас эмийг жоргүй олгодог, эмийг хэрэглэх аргыг зааж өгдөггүй
-Эмийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл сурталчилгааны ажил хангалтгүй
-Эмийг хэт олноор авч буруу хадгалдаг [Эмзүй сэтгүүл 2016 он, XI(50)]
-Хаяг, шошгогүй, хугацаа дууссан эм хэрэглэдэг
-Эм борлуулах, жор барих зөвшөөрөлгүй дамлан худалдаалдаг хүмүүсээс эм авдаг.
Эмийн үндсэн үйлчлэгч бодис гэж юуг хэлэх вэ?
-Эм нь үндсэн ба туслах бодисоос бүрддэг. Эмчилгээний гол үйлдэл үзүүлэх эмийн бодисыг үндсэн үйлчлэгч бодис гэдэг. Эмийн найрлага дээр үндсэн үйлчлэгч бодисын нэрийг хамгийн эхэнд нь бичсэн байдаг.
-Эм нь үйлдвэрлэгчээс хамааран нэг төрлийн үйлчлэгч бодис агуулсан боловч өөр нэртэй байдаг. Жнь: септрин гэж нэрлэж заншсан эм нь бисептол, дутрим, бактрим, ко-тримексазал г.м олон нэртэй байдаг.
-Та үндсэн үйлчлэгч бодисыг ялгаж мэдсэнээр ижил найрлагатай боловч өөр нэртэй эмүүдийг нэг дор хэрэглэснээс тун хэтэрч хордохоос урьдчилан сэргийлж чадна.
Эмийг яагаад зохистой хэрэглэх шаардлагатай вэ?
Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн өвчтөний биеийн онцлог, онош, насанд тохирох эмийг тохирсон тун хэмжээгээр, зохимжтой хугацаагаар хэрэглэхийг хэлдэг.
-Эмийг буруу хэрэглэвэл таны эрүүл мэнд болон амь насанд аюул учруулж болно.
-Эмийн тун хэрэглэх хугацаа, дэглэмийг зөв баримтлахгүй, өвчин нь гайгүй болмогц хэрэглэхээ больсноос өвчин хүндрэх, архагших, дасал болох зэргээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг.
-Хэт олон эмийг нэг дор хэрэглэснээс гаж нөлөө ихэснэ.
-Эмийг хэтэрхий их хэмжээгээр эсвэл ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэвэл тун хэтэрч хордох аюултай.
-Эмийг буруу хэрэглэвэл үр дүн нь буурч, эмчилгээний зардал ихэснэ.
-"Хоолны үеэр ууна" гэж заасан байвал уг эмийг дангаар нь уусан тохиолдолд ходоодны салст бүрхэвчийг гэмтээдэг гэсэн үг. Тиймээс заавал хооллосны дараа хэрэглэ. Гэхдээ алим жимс, жигнэмгээр хооллохыг хэлж байгаа юм биш.
-"Усаар даруулна" гэсэн заавартай байвал ганц балга бус, нэг аяга ус ууна гэсэн үг. "Хоолны өмнө ууна" гэдэг нь хоол идэхээс хоёр цагийн өмнө уух ёстойг анхааруулж байна.
-Харшлын эсрэг эм, нойрны болон даралт бууруулах үйлчилгээтэй эмийг архины төрлийн ундаатай хольж уух нь таныг дүйнгэ унтаа юм шиг болгоно.
-Аспириныг жимсний сироп, элсэн чихэр найрлагад нь ороогүй шингэн жимсний шүүсээр даруулж болно.
- Хавдрын эсрэг эм уухдаа цус төлжүүлэх чадвартай загас, элэг, түрс, лийр зэргийг хэрэглэх нь зохимжтой.
-Та хэвтээгээрээ эм бүү уу. Огиулахаас гадна, хоолойд тээглэх аюултай.
-Хэрэглэх цаг, хэдий хугацаагаар хэрэглэх, уг эм ямар үйлчилгээг үзүүлдэг, ямар нэг гаж нөлөө бий эсэх, дахин үзүүлэх талаар эмчээс мэдээлэл сайн авах
Эмийг зөв хэрэглэхийн тулд:
-Эмийг өөрийн дураар биш эмчийн заавраар сонгон хэрэглэх.
-Эмийг хэрэглэхийн өмнө тухайн эмийн эмчилгээний үйлдэл, үндсэн үйлчлэгч бодис, хэрэглэх заалт, гаж нөлөө, цээрлэл, өдөрт хэдэн удаа, хэд хоног, ямар тунгаар хэрэглэх талаар тодорхой мэдээлэл авсны дараа хэрэглэх.
-Эмийг эмчийн зөвлөгөө болон “Хэрэглэх заавар”-ын дагуу тохирох тунгаар, хэрэглэх цагийг нарийн баримтлан, зөвлөсөн хоногийн турш зөв хэрэглэх.
-Хэт олон эмийг нэг дор хэрэглэхгүй байх, зөвхөн шаардлагатай цөөн эм хэрэглэх.
- Хүүхдэд эм хэрэглэхдээ зөвхөн эмчийн заавраар өгөх.
-Жирэмсэн үед ялангуяа эхний 3 сард эмийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй.
-Хэрэв шаардлагатай бол эмчийн заавраар хэрэглэх.
-Элэг бөөрний өвчний үед тунг нарийн тохируулах шаардлагатай байдаг тул заавал эмчид үзүүлж зөвлөгөө авч хэрэглэх
-Эмийг хэрэглэх явцад эмийн зааварт зааснаар өөр ямар нэг гаж нөлөө илэрвэл эмчдээ даруй мэдэгдэх
-Эмийг буруу хадгалснаас хугацаа нь дуусаагүй боловч эмчилгээний үйлдэл нь буурч, чанараа алдан эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг тул эмийн шошго дээр заасан нөхцөлд зөв хадгалах
-Эмийг гэртээ нөөцлөн хадгалахгүй байх
Эх сурвалж: НЭМХ